Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Өсвөр насны хүүхдэд эрүүл мэндийн боловсрол олгоход сургуулийн эмч нарын үүрэг оролцоо их

2023/05/08

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс ерөнхий боловсролын сургуулийн эмч нарт зориулан зохион байгуулж буй “Өсвөр үеийн эрүүл мэнд, хөгжлийн асуудлаар баримжаа олгох” сургалтын 3 дахь удаагийнх эхэллээ.

Нийслэлийн төрийн болон хувийн хэвшлийн бүх Ерөнхий боловсролын сургуулиудын эмч нарыг хамруулж буй уг сургалт нь НҮБ-ын хүүхдийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй "Өсвөр үед ээлтэй тусламж үйлчилгээ" төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнө нь 2 удаагийн сургалтаар нийт 120 орчим сургуулийн эмч нарыг сургаад байгаа билээ.

Энэ удаагийн сургалтад дүүргүүдийн төрийн хэвшлийн сургуулиудаас гадна энэ удаад хувийн ерөнхий боловсролын сургуулиудын эмч нар оролцож байна.

Өмнөх сургалтуудын адилаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш нар сургалтын эхний өдөр “Өсвөр үеийн эрүүл мэнд хөгжлийн асуудлаар чиг баримжаа олгох хөтөлбөрийн танилцуулга”, “Өсвөр үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний онцлог”, “Эмнэлзүйн үйл ажиллагаандаа өсвөр насныхны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нөлөөлөх хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх нь”, “Өсвөр насны үйлчлүүлэгчийн өвөрмөц хэрэгцээг харгалзанүр дүнтэйгээр харилцах нь”, “Өсвөр насны хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх нийгмийн хүчин зүйлс, эрсдэлт болон хамгаалах хүчин зүйлс”, “Өсвөр насны сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, тусламж үйлчилгээ”, “Өсвөр настанд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүд,  нөлөөлөх хүчин зүйлс”, “Өсвөр насны эрүүл мэнд болон хөгжилд дижитал технологийн оролцоо болон үл оролцооны нөлөө”, “Хорт зуршлын хэрэглээ, урьдчилан сэргийлэлт” сэдвүүдээр хичээл зааж бүлгээр ажиллан мэдлэгээ баталгаажуулж байгаа билээ.

Сургалтын өмнө болон дараах асуумжийг сургалт бүр дээр авч байгаа бөгөөд өмнөх 2 сургалтын санал асуулгаас харахад ерөнхий боловсролын сургуулийн эмч нарт мэдлэгээ дээшлүүлэх, мэдээлэл авах сургалтын хэрэгцээ их байгаа бөгөөд сургалтын дараах асуумжаар мэдлэг дээшилсэн нь харагдаж байлаа.

5 өдөр үргэлжлэх уг сургалтаар Өсвөр үеийнхэний эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын талаар цогц мэдлэгтэй болж  цаашид өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлэхээ эмч нар илэрхийлж байна.

Эдгээр хичээлүүдээс нэн шаардлагатай 15 хичээлийг цахим хэлбэрээр бэлтгэн төвийн Багц цагийн богино хугацааны платформд байршуулан зөвхөн нийслэлийн төдийгүй хөдөө орон нутгийн эмч нарын Өсвөр үеийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх юм.