Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Хүүхдийн өвчний цогц менежментийн сургалтыг орон нутагт зохион байгуулна.

2023/05/03

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн хөгжлийн албаны дарга Б.Батцоож, мэргэжилтэн Х.Уянга, НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Г.Соёлгэрэл нар өнөөдөр /5 дугаар сарын 02-ны өдөр/ орон нутагт Хүүхдийн өвчний цогц менежмент сургалт зохион байгуулах Сургагч багш нартай уулзлаа.

ДЭМБ-аас ХӨЦМ-ийн сургалтын хөтөлбөрийг 2007, 2014, 2019 онуудад баяжуулан шимэгч хорхойтох өвчин, шуугиантай амьсгал, төрсний дараа 7 хоног хүртэлх нярайн менежмент, ХДХВ-ийн халдварын талаар шинэ хөтөлбөр оруулж, антибиотикийн тун сонголт, суулгалт, хүнд тураал зэрэг өвчний эмчилгээ, хоолны зөвлөмжийг шинэчлэн, дархлаажуулалтын шинэ товлолыг багтаасан байна. Мөн 2018 онд нярайн эрт үеийн менежментийг оруулан нярайн тусгай модул гаргажээ.
Монгол улс 2000 оноос “Хүүхдийн өвчний цогц менежмент” /ХӨЦМ/ стратегийг хэрэгжүүлсний үр дүнд нялхас, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурч байгаа хэдий ч хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгаанд хатгалгаа, нярай үеийн эмгэгүүд эзэлж байгаа тул бага насны хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдийн хүүхдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх мэдлэг, хандлагыг сайжруулах, хяналтыг тогтмолжуулах нь чухал байна.

Тиймээс тус төвөөс НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадварыг сайжруулах зорилгоор орон нутгийн өрх, сумын эмч нарт Хүүхдийн өвчний цогц менежментийн  сургалтыг зохион байгуулах гэж байна.

Сургалтаар ХӨЦМ-ийн шинэчилсэн модулын дагуу  хичээлүүдийг орон нутгийн хүүхдэд тусламж үзүүлдэг эмч мэргэжилтнүүдэд заах юм.