Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

"Ерөнхий мэргэшил судлал" үндсэн мэргэшлийн чиглэлээр цахим уулзалт хийлээ.

2023/04/28
Эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр тус төв Жайка олон улсын байгууллагатай хамтран 2015 оноос "Анхан болон хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл "-ийг амжилттай хэрэгжүүлсэн.

Уг төслийн үргэлжлэл болох "Эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл" 2021 оноос хэрэгжиж байна. Төслийн хүрээнд хэрэгжүүлж буй нэгэн гол үйл ажиллагаа нь Ерөнхий мэргэшил судлал үндсэн мэргэшлийн сургалтыг сурталчлан, таниулах, уг сургалтыг эрхлэх байгууллагын тоог нэмэгдүүлэх үйл ажиллагаа юм.
Энэ хүрээнд 4 дүгээр сарын 27-ны өдөр төслийн зохицуулагч Иноүэ Нобүаки зөвлөх, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга н.Оюунцэцэг, чанарын алба н.Бямбасүрэн, хүний нөөцийн мэргэжилтэн н.Түмэнжаргал нартай цахим уулзалт хийж, Ерөнхий мэргэшил судлал үндсэн мэргэшлийн сургалтын бэлтгэл хэрхэн хангаж байгаатай танилцан зөвлөгөө өгч, цаашид эмнэл зүйн сургагч багшийн сургалтад эх барих эмэгтэйчүүд, яаралтай тусламж болон өрх, сумын эрүүл мэндийн төвөөс эмч нарыг хамруулахаар төлөвлөлөө.



Мөн тухайн өдөр төслийн зохицуулагч Иноүэ Нобүаки зөвлөх, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Оюунжаргал, хүний нөөцийн мэргэжилтэн н.Урангоо нартай цахим уулзалт хийсэн юм.

Уулзалтаар Г.Оюунжаргал дарга Ерөнхий мэргэшил судлал үндсэн мэргэшлийн сургалтыг өөрийн эмнэлэг дээр зохион байгуулах буюу сургалт эрхлэх байгууллага болох зөвшөөрөл авахыг зорьж байгаа болон эмнэл зүйн сургагч багшийн сургалтыг орон нутагтаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Сургалтын бэлтгэл хэрхэн хангах чиглэлээр шалгуурын дагуу зөвлөгөө өгч, орон нутгийн засаг захиргааны дэмжлэг болон байгууллагын удирдлагууд, сургалтын арга зүйч, хүний нөөц, санхүү, чанар аюулгүй байдал, эмч мэргэжилтэн, сувилахуй гээд багаар ажиллах нь чухал болохыг ойлгуулсан үр дүнтэй уулзалт боллоо.