Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

"Өсвөр үед ээлтэй" тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт зохион байгуулж байна.

2023/04/24

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс ерөнхий боловсролын сургуулийн эмч нарт зориулан зохион байгуулж буй “Өсвөр үеийн эрүүл мэнд, хөгжлийн асуудлаар баримжаа олгох” 5 өдрийн сургалт өнөөдөр эхэллээ.
Уг сургалтад нэг удаадаа 50 эмч хамрагдаж байгаа бөгөөд эхний сургалтаар нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгино хайрхан, Хан-Уул дүүргүүдийн зарим ерөнхий боловсролын сургуулийн эмч нар хамрагдсан бол энэ удаад тус дүүргүүдийн үлдсэн сургуулиуд болон Багануур дүүргийн эмч нар хамрагдаж байна.НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Өсвөр үед ээлтэй” тусламж үйлчилгээ үзүүлэх мэргэжилтнийг чадавхжуулах сургалтуудыг өмнө нь нарийн мэргэжлийн өсвөр үеийн эмчид чиглэж зохион байгуулж байсан бол энэ удаад ЕБС-ийн эмч нарыг хамруулж байна.
Дэлхийн өсвөр үеийнхний эрүүл мэндийн тайланд тэдний эрүүл мэндийг хамгаалах чадавхийг бэхжүүлэх илүү тогтвортой хэлбэрүүдэд буюу анхан шатны тусламж үйлчилгээнд хөрөнгө оруулах шаардлагатай байгааг дурдсан байдаг. Өсвөр үеийнхэн эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд эрүүл зан үйл төлөвшүүлэхэд сургуулийн эмч нарыг үүрэг, оролцоо маш их юм. Тиймээс уг сургалтыг ерөнхий боловсролын эмч нарт зориулан хийж байна.
Сургалтаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш нар өсвөр үеийнхэний бие бялдар, сэтгэлзүйн асуудлуудтай холбоотой бүхий л чиглэлээр хичээлүүд орох юм. Тухайлбал өсвөр үеийн бие бялдарын өөрчлөлт, өвдөлтүүд, зонхилон тохиолдох өвчлөлүүд, амны хөндийн эрүүл ахуй болон арчилгаа, нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн замын халдвар, охидын сарын тэмдэг тойрсон асуудлууд, хүсээгүй жирэмслэлт, дэлгэцийн донтолт, өсвөр насны сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, тусламж үйлчилгээ зэрэг сэдвүүдээр хичээл заах юм.
Уг сургалтыг нийт 4 удаа зохион байгуулж нийслэлийн 9 дүүргийн бүх Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг хамруулна.