Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

Зочин профессорын хөтөлбөрийн талаар

2023/04/19

Тус төв нь эмч, эмнэлгийн мэргэжилтний гадаад сургалтын хэрэгжилтийг ханган ажилладаг бөгөөд  гадаад сургалтыг чанаржуулах, олон төрөл хэлбэрээр зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаанууд хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд эмч, мэргэжилтнүүдийг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад эмнэлзүйн сургалтад хамруулах, цахим сургалтууд зохион байгуулах, Зочин профессорын хөтөлбөрөөр эрдэмтэн, профессоруудыг урьж авчиран сургалт, хамтарсан үзлэг, хагалгаа хийх, тэтгэлэгт хөтөлбөр зарлах зэрэг ажлуудыг зохион байгуулдаг.

Монголд эмчлэгдэхгүй байгаа өвчнийг эмчилдэг болох чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг  гадаадын өндөр хөгжилтэй оронд сургаж чадавхжуулж байсан бол өнгөрсөн жилээс Зочин профессорын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.

Зочин профессорын хөтөлбөр нь гадаад оронд эмч, мэргэжилтнүүдийг цөөн тоогоор суралцуулахаас бага зардлаар илүү олон хүнийг сургалтад хамруулах, хамтарсан үзлэг, оношилгоо, хагалгаа хийх, өөрийн орны нөхцөл байдал, тоног төхөөрөмжид суурилан газар дээр нь туршлага судлах, мэдлэг, чадвар эзэмших зэрэг үр дүнтэй хөтөлбөр юм.

Уг хөтөлбөрийн хүрээнд БНТУ-ын Лив эмнэлэгтэй хамтран ажиллаж төрөлхийн зүрхний гажигтай болон мэдрэлийн саа, саажилттай хүүхдийн шинэ, дэвшилтэд эмчилгээний чиглэлээр профессорын багийг урьж авчран мэргэжлийн эмч нарт сургалт, хамтарсан үзлэг оношлогоо, мэс засал хийх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан.

Энэ үеэр Монгол улсад ризотоми хагалгааг нэвтрүүлж хамтарсан мэс засал, холбогдох эмч мэргэжилтнүүдэд эмнэлзүйн сургалтууд зохион байгуулж, нугасны мэдрэлийн ёзоор тайрах эмчилгээний мэс заслын баг, хүүхдийн зүрхний мэс заслын багийг сургах, ажлын байрны сургалт зохион байгуулах, шаардлагатай хүүхдүүдэд үзлэг оношлогоо, мэс засал хийсэн юм.

Түүнчлэн Хүүхдийн мэдрэлийн мэс заслын эмч Туфан Хичдонмез, хүүхдийн зүрх судасны мэс заслын эмч Сертач Чичек нар холбогдох мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд илтгэл тавьж хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт ЭМЯ-ны харьяа төрөлжсөн эмнэлэг, тусгай мэргэшлийн төвүүдийн нийт танхимаар 98, цахимаар 48 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан.

Түүнчлэн хүнд хэлбэрийн төрөлхийн тархины саажилт, нуруу нугасны эмгэгтэй 38 хүүхдэд үзлэг хийж эдгээрээс 5 хүүхдийг сонгон мэдрэлийн ёзоор тайрах мэс заслыг 2 улсын эмч нар хамтран хийсэн. Мэс засалд орсон эдгээр хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээг ЭХЭМҮТ дээр хяналтад аван үргэлжлүүлэн хийж байна.

 Мөн төрөлхийн зүрхний гажигтай болон мэдрэлийн саа, саажилттай 75 хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийсэн.

Энэхүү Зочин профессорын хөтөлбөрийн хүрээнд манай улсын эмчилгээнд Ризотоми буюу мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг нэвтрүүлээд, улмаар нутагшуулах ажлыг хийж  байна.

Улмаар тухайн хагалгаа шаардлагатай хүүхдүүдийн хагалгааг, хямдралтай үнээр манай улсад ирж хийх тохиролцоонд хүрээд байна.

Дашрамд дурьдахад энэхүү Зочин профессорын хөтөлбөрөөр хүрэлцэн ирсэн БНТУ-ын Лив эмнэлгийн профессорууд нь дэлхийд өндрөөр үнэлэгдсэн эмч нар бөгөөд манай байгууллагатай байгуулсан Хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд онгоцны болон байрны зардлыг нь тус эмнэлэг хариуцсан болно.