Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

“Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал” төрөлжсөн мэргэшлийн сургалтын эхний төгсөлт боллоо

2023/04/10


Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/445 дугаар тушаалаар эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн сургалтын чиглэл, индекс шинэчлэгдэн, “Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал” төрөлжсөн мэргэшлийн сургалтын чиглэл шинээр нэмэгдснээр эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын менежер бэлтгэх мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах боломж бүрдсэн.

Мөн Эрүүл мэндийн яамнаас 2022 оныг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгосонтой холбоотойгоор сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлуулах, сургагч багшийг бэлтгэх, сургалтыг эхлүүлэх ажлыг зохион байгуулсан.

Энэ хүрээнд ЭМХТ-ийн захирлын шийдвэрээр ажлын хэсэг байгуулагдан, сургалтыг хөтөлбөрийг төв болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв болон хувийн хэвшлийн эмнэлэг, мэргэжлийн нийгэмлэг холбоо, анагаахын боловсрол олгох сургуулийн төлөөлөл, эмч мэргэжилтэн, сургагч багш нар хамтран шинээр боловсруулж, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2022 оны 01 дүгээр хурлаар хэлэлцүүлэн батлуулсан. 

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгүүд сургалт эрхлэх зөвшөөрөл авч, эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын менежер бэлтгэх мэргэшүүлэх 6 сарын хугацаатай сургалтыг 2022 оны 10 дугаар сараас шинээр зохион байгуулж эхэлсэн.

Сургалтад орон нутаг болон нийслэлийн харъяа эрүүл мэндийн байгууллагын 24 эмч, мэргэжилтэн  улсын төсвийн зардлаар суралцаж байгаа бөгөөд цаашид сургалтыг өргөжүүлэн эрүүл мэндийн байгууллагын чанарын алба, багийн эмч, мэргэжилтнүүдийг бүрэн хамруулахаар төлөвлөөд байна.

Ийнхүү эхний ээлжийн сургалт амжилттай явагдаж, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт аймаг, дүүргийн 9 эмч, мэргэжилтэн амжилттай суралцаж төгссөнөөр “Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын менежер” мэргэшсэн мэргэжилтэнг бэлтгэж эхэллээ.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар