Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

ЗАЛУУ ЭМЧ БИД – ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ тэмцээн боллоо.

2023/03/27


Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь үүсгэн байгуулагдсаныхаа 95 жилийн ойг угтсан ажлын хүрээнд санаачлан, 2023 оны 03 сарын 25 нд  АШУҮИС-ийн АУС-ийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимтэй хамтран АШУҮИС-ийн Blue Hall танхим, Эх барих эмэгтэйчүүдийн эмнэл зүйн сургалтын төвд “Бүтээлч Идэвхтэй дайчин авхаалжит сэргэлэнчүүдийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнийг нээж, оролцогчдод амжилт хүсэж уг арга хэмжээний ач холбогдлыг үнэлэн, ирээдүйн ажил мэргэжилдээ амжилт гаргахыг ерөөж Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал С.Алтантуяа, үг хэллээ. Мөн тус арга хэмжээнд ЭМХТ-ийн Хүний Нөөцийн хөгжлийн албаны дарга Д.Батцоож, АШУҮИС-ийн АУС-ийн Эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор Б.Болорчимэг нар үг хэлэв.

Мөн ирээдүйн Эх барих эмэгтэйчүүдийн эмч гэх өндөр хариуцлагатай ёс зүйтэй эрхэм алдрын эзэн болох эмч нарт зориулан “Эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн боловсрол” лекцийг АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва уригдан ирж уншсан нь  зөвхөн резидент  эмч нараар зогсохгүй  хөгжөөн дэмжихээр цугларсан бусад суралцагч эмч, эмнэл зүйн сургагч багш нарт ч адил өгөөжтэй сайхан сургалт боллоо.

Тэмцээнд Монгол улсад Эх барих эмэгтэйчүүд судлалаар үндсэн мэргэшил олгох сургалт эрхлэх байгууллага болох Өргөө -2, Амгалан-2, Хүрээ-2 амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, ЭНЭҮТ-1, АШУҮИСийн -2 нийт 9 багийн 36 резидент эмч сургалт болон эмнэл зүйн дадлага хийхээр бүрэн тоноглогдсон ур чадварын таван өрөө бүхий сургалтын төв дээр мэдлэг, оюун, ур чадвараа сорьж уралдлаа. Тэмцээн 3 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд уламжлалт АСТ тэмцээний хэв маягаас орчин үеийн технологи ашиглан уралдсанаараа онцлог байв.

Тэмцээний дүнг нэгтгэхэд Тэргүүн байрыг АШУҮИС-ийн МДИ-ийн Эх барих эмэгтэйчүүд судлалын резидент эмч нарын “Плацента баг, Дэд байрыг Өргөө АГ ТМЭ-ийн резидент эмч нарын “СИОН” баг тус тус эзэлж өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо. Бүх оролцогсдод амжилттай оролцсон тухай батламж гардуулсан байна.

Энэхүү авхаалжит сэргэлэнчүүдийн тэмцээн нь суралцагчдыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх цогц чадамжтай болгон сургаж төгсгөх, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх явцад дэмжлэг болгох, сургалт эрхлэх байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн нэг мэргэшлийн хүрээнд дагнан  анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог байлаа.

 2022 онд үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдэн нэгдсэн нэг ЖИШИГ хөтөлбөртэй болсон нь сургалт эрхлэх байгууллагууд ижил агуулгаар, нэг арга зүйгээр сургалтыг зохион байгуулах, сургалтад үнэлгээний орчин үеийн олон аргуудыг ашигладаг болж байгаа нь тэмцээнд оролцож буй резидент эмч нарын мэдлэг чадварыг нэг аргачлалаар үнэлж дүгнэхэд дөхөм болсон гэж харж байна.

Энэхүү арга хэмжээнд Эх барих эмэгтэйчүүд судлалын үндсэн мэргэшлийн сургалт эрхэлдэг Амгалан, Хүрээ АГ ТМЭ-ийн удирдлагууд, эмч, эмнэлзүйн сургагч багш, АШУҮИС-ийн эрдэмтэн багш, резидент эмч нар нь хүрэлцэн ирж оролцогчдоо дэмжиж ач холбогдол өгч хамтран ажиллалаа.