Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Үндсэн мэргэшлийн үнэмлэх гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.

2023/02/07

УХТЭ резидентийн сургалтыг төгсөж, үндсэн мэргэшил эзэмшсэн эмч нарт “Үндсэн мэргэшлийн үнэмлэх гардуулах” ёслолын арга хэмжээг 02-р сарын 06-ны өдөр зохион байгуулсан байна.

Тус эмнэлэг 2008 оноос төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаа эрхэлж бөгөөд өнөөдөр 12 дахь хичээлийн жилийнхээ резидэнт эмч нарыг төгсгөж, нийт 34 эмчид дотор, дүрс оношилгоо, мэс засал, мэдрэл судлалын чиглэлээр үндсэн мэргэшлийн, 22 сувилагчид төрөлжсөн мэргэшлийн үнэмлэхийг гардуулж байна.

Уг үйл ажиллагааны үеэр төгсөгч эмч нар өөрсдийн бэлдсэн “Бид нар эх орны дуудлагаар дайчлагдаж, түүх бүтээлцсэн юм” фото танилцуулгыг үзүүлж, цар тахлын үед ажиллаж байсан баримтыг түүх болгон УХТЭ-тээ үлдээсэн нь онцлог байлаа.


Энэхүү ёслолын арга хэмжээг нээж УХТЭ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулган төгсөгчдөд мэндчилгээ дэвшүүлэн, ажлын амжилт хүссэн бөгөөд мөн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн эрхлэгч, Хүний Гавьяат эмч, Зөвлөх зэргийн эмч, клиникийн профессор, дотрын багш Б.Гэгээбадрах шавь нартаа зориулж сэтгэлийн үгээ хэлсэн бол төгсөгчдийг төлөөлөн Мэдрэл судлалын эмч М.Отгондулам, Дотрын анагаах судлалын эмч Х.Надмид нар сэтгэгдлээ хэлсэн.

Эдгээр төгсөж байгаа эмч нар дэлхий нийтийг хамарсан Коронавирусийн цар тахлын үед дайчлагдан ажиллаж ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, цар тахлын тархалтыг таслан зогсооход ихээхэн хувь нэмэр оруулсан гавьяатнууд юм.