Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

Төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллагын үндсэн мэргэшлийн сургалтын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, зөвлөн туслах ажлыг эхлүүллээ.

2022/03/22

Төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллагын үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 тушаалаар батлагдсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг жил бүр зохион байгуулж ирсэн.

Энэ удаа төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий 23 байгууллагын үндсэн мэргэшлийн сургалтын үйл ажиллагаа, эрх зүйн орчин болон резидент эмчийн цалин, сургалтын төлбөрийн зарцуулалт гэсэн 3 чиглэлээр дэмжлэгт хяналтыг тогтолцоогоор нь  хийхээр төлөвлөлөө.

Эмнэлзүйн сургалтын үйл ажиллагаанд хяналт хийхэд Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн гишүүн, Эмнэлзүйн сургалтын үндэсний чиглүүлэгч О.Батгэрэл, Хуулийн зөвлөх Ц.Дэлгэрням нар зөвлөн тусалж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолоор Резидент эмч нарын хөдөлмөрийн хөлсийг тогтоон, 2021 оны 1 дүгээр сараас эхлэн “Резидент эмч суралцан-ажиллах” шинэ харилцаа үүсэн, суралцаж буй байгууллагатайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулах, албан тушаалын тодорхойлолтод тусгасан чиг үүргийн дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээнд оролцох болсон.

 Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2022 оны А/24 тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу ажлын хэсэг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Ачтан эмнэлгийн үндсэн мэргэшлийн сургалтын үйл ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн, зөвлөн туслах ажлыг эхлүүллээ.

Түүнчлэн Эмнэлзүйн сургагч багш, суралцаж буй резидент эмч, сургалтын албаны мэргэжилтнүүдтэй ярилцлага зохион байгуулж сургалтын үйл ажиллагаа, сургалтын орчин нөхцөл, санхүүжилтийн талаарх санал, хүсэлтийг сонслоо.

2022 оны байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь үндсэн мэргэшлийн 11 чиглэлээр,  Арьсны өвчин судлын үндэсний төв, Ачтан эмнэлэг үндсэн мэргэшлийн нэг нэг чиглэлээр төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтыг эрхлэн явуулж 1-3 дамжааны нийт 382 резидент эмч суралцан ажиллаж байна. 

Цаашид ажлын хэсэг 2022 оны 03 дугаар сард багтаан эмнэлзүйн сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий үлдсэн байгууллагуудад батлагдсан хуваарийн дагуу хяналт хийн тайланг нэгтгэн, зөвлөмж хүргүүлэн ажиллана.