Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН 2021 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОГ АЖИЛ

2022/03/02

“ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН СИСТЕМ” ПРОГРАМ ХАНГАМЖ /Health.acc.hdc.gov.mn/

Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх  үйлчилгээг ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хяналттай  хүргэх  зорилгоор “Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн систем”-ийг хөгжүүлээд байна.

2021 оны байдлаар Магадлан итгэмжлэгдсэн 800 гаруй эрүүл мэндийн байгууллагыг програм хангамжид бүртгэж, магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулж байна.

“ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ НЭГДСЭН БҮРТГЭЛИЙН САН”  ПРОГРАМ ХАНГАМЖ   HTTPS://HR.HDC.GOV.MN/

Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтэнд төрийн үйлчилгээг цаасгүй, үүдгүйгээр хүргэх зорилтын хүрээнд:

-Хүний нөөцийн бүртгэл, мэдээлэл,

-Төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон  

  тасралтгүй сургалт,

-Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, -Мэргэжлийн зэрэг,

-Шалгалт зэрэг үйл ажиллагааг цахим платформд нэгтгэж “Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан” програм хангамжийг гүйцэтгэн, иргэдэд үзүүлэх үйлчилгээг цахимжууллаа.

ЦАХИМ ШАЛГАЛТ 

“Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан” програм хангамжийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг цахимаар зохион байгуулж байна.

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шалгалтанд бэлтгэх,  бүртгүүлэх, шалгалт өгөх,  дүнгээ шууд харах боломж бүрдлээ. 

2021 онд Цахим /Online/ шалгалтыг нийт 14 удаа  зохион байгуулж, 13000 гаруй эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан.Шалгалтыг цахимаар авснаар нэг хүнээс дунджаар 5000 – 350 000 төгрөг хэмнэгдэх тооцоо гарч байна.

РЕЗИДЕНТ ЭМЧ НАР ЦАЛИНТАЙ БОЛЛОО.

Эрүүл мэндийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу резидент эмч нарыг ТҮЭМ-4 ангиллын нэгдүгээр шатлалаар цалинжуулж эхэлсэн. 

Резидент эмч нар тогтмол цалинтай болсноор  ажиллангаа суралцаж, нийгмийн баталгаа сайжирч, олон улсын түвшинд хүрсэн  мэргэжилтэн бэлтгэх боломж бүрдлээ.

 2021 онд резидент эмч нарын цалинд 18 орчим тэрбум төгрөг зарцуулжээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН “ҮЗҮҮЛЭЛТ ТООЦОХ АРГАЧЛАЛ”-ЫГ ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООГООР  БАТЛУУЛЛАА.

Салбарын үйл ажиллагааны үр дүнг хэмжих үзүүлэлт 2009 оноос хойш шинэчлэгдээгүй байсныг шинэчлэн 104 үзүүлэлт болгон батлууллаа.

Үзүүлэлт тооцох аргачлал шинэчлэгдсэнээр  эдийн засаг, санхүүжилттэй холбоотой болон судалгаагаар гаргах үзүүлэлтүүд нэмэгдэнэ.

HINFO ПРОГРАМЫГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЛАА.

HINFO програмыг вэб хувилбарт шилжүүлэх, Эрүүл мэндийн сайдын А/611 тушаалаар өөрчлөгдсөн маягтуудыг програм дээр өөрчлөх, сарын мэдээний програмыг HINFO-д нэгтгэх, Ковидын цахим магадлагааг e-mongolia, ТҮЦ машинаар дамжуулан авах, эрт илрүүлгийн програмыг HINFO-д нэгтгэх, Ковидын гэрийн хяналтын эмчилгээний бүртгэлийг хийж, ЭМДСангаас санхүүжилт авах боломжийг бүрдүүлсэн.

ЗҮРХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ҮНДЭСНИЙ БАГ БАЙГУУЛЛАА.

Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг өргөжүүлэх зорилгоор УГТЭ, УНТЭ-ийн хамтарсан “Зүрх шилжүүлэн суулгах баг” байгууллаа.

Энэхүү баг байгуулагдсанаар дэлхийн жишигт нийцсэн чанартай, хүртээмжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, тархины үхэлтэй донороос зүрх шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах,  мэс заслын өмнөх болон дараах эмчилгээг нутагшуулах зэрэг олон талт үйл ажиллагааг эхлүүлэх юм.

“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙГ ОРОН ЗАЙН ӨГӨГДЛӨӨР БАЯЖУУЛАХ, ОРОН ЗАЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ  ХИЙЖ, ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖ, ТЭГШ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ” ТӨСӨЛ БИЧИЖ, САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ.

НҮБ-ын Хүүхдийн сангаас санхүүжүүлэх уг төслийн хүрээнд Тусгай зөвшөөрлийн мэдээлэл, өвчлөл, нас баралт, төрөлтийн мэдээллийг Монгол улсын газрын зурагт оруулан байршлаар нь харуулах, хянах, дүн шинжилгээ хийх боломж бүрдэх юм.

ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙНБАЙГУУЛЛАГЫГ ЭМЧИЙН ҮЗЛЭГИЙН ЦАГ  ТОВЛОХ НЭГДСЭН СҮЛЖЭЭНД ХОЛБОЛОО.

“1800-0119” дуудлагын төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд БОЭТ, Нэгдсэн эмнэлэг, хөдөөгийн Нэгдсэн эмнэлгүүдийг үе шаттай холбох ажлыг зохион байгуулан 21 аймаг, 8 дүүрэг, ЭМЯ-ны харъяа 11 эмнэлгийн VPN сүлжээний холболтын ажлыг бүрэн хийж гүйцэтгэлээ.

Үүний үр дүнд хөдөө орон нутаг, алслагдсан сум, суурингийн иргэд аймгийн төв болон нийслэлд  амбулаторын үзлэгийн цаг захиалахын тулд  олон хоног хүлээх, дараалалд зогсох зэрэг чирэгдэл буурах  юм.

ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙРАНД АЖИЛЛАХ РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН ДАЙЧИЛГАА, ХАНГАЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ХАРИУЦАН АЖИЛЛАА.

Тусгаарлан ажиглах байр болон бусад хэрэгцээт газруудад ажиллах резидент эмч нарын томилгоо, өдөр тутмын удирдлага, зохион байгуулалт, тэдгээрийн хангалтыг хариуцан ажиллаж, өвчлөлийн талаарх өдөр тутмын мэдээ, мэдээллийг нэгтгэн шийдвэр гаргагчдад хүргүүлж,  дархлаажуулалт, шинжилгээ авах  үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ЭМЯ болон УОК-ын Шуурхай штабтай нягт хамтран ажилласан.

2021 онд 3074 резидент эмч дайчлагдан, өгөгдсөн үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгэлээ.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар