Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ОРОН НУТАГТ СУВИЛАХУЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТ ЭРХЛЭХ АНХНЫ АЛХАМЫГ ХИЙЛЭЭ

2021/10/19

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн хөгжлийн алба нь Жайка Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн нэгжтэй хамтран 2021 оны 10 сарын 12-15-ны өдөр Орхон-уул аймгийн эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв,  Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

Орхон аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төв нь дэвшилтэт технологи нэвтрүүлсэн оношлогоо эмчилгээ, сувилахуйн цогц төв болох зорилготой хамт олон бөгөөд орон нутагт анх удаа “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх зөвшөөрлийг 2018 онд Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлөөс авсан байгууллага юм.

Тус төв нь багшлах боловсон хүчин, резидент эмчийн амьдрах орон байр,  сургалтын орчин, шаардлагатай танхим, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан орон нутгийн сургалт эрхлэх байгууллага бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүн сургалт эрхлэх байгууллагын явцын үнэлгээг хийж, зөвлөмж өгч ажиллаа.

 Орхон аймгийн эрүүл мэндийн газар “Эмч” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж резидент эмчийн суралцах орчин, амьдрах тохь тухтай орныг хангахад байнга дэмжлэг үзүүлэн ажиллаж ирсэн. Энэ удаад Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь “Мэс заслын сувилахуй”, “Мэдээгүйжүүлгийн сувилахуй”, “Эрчимт эмчилгээний сувилахуй”, Яаралтай тусламжийн сувилахуй” чиглэлээр  сургалт эрхлэх хүсэлтийг ирүүлсний дагуу сургалтын эрх шинээр олгох үнэлгээг мөн хийлээ.

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал Ц.Наран-Эрдэнэ: Сургалт эрхлэх байгууллага болох нь тухайн эрүүл мэндийн байгууллагад хүний нөөцийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй сургагч багш нар, эмч нар чадавхжих маш олон давуу талтай юм. Бид 2015 оноос Резидент эмчийн сургалт эрхлэх хүсэлт тавьж 3 жилийн турш бэлтгэл хангасаны үндсэн дээр “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтын эрхийг авсан. Өнөөдөр бид өөрсдийн сургалт эрхлэх талаар харьцангуй туршлагатай болсон тул Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтыг эрхлэх хүсэлтэй байгааг илэрхийлсэн юм.

Үнэлгээний төгсгөлд Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Аймгийн эрүүл мэндийн газарт зөвлөмж хүргүүлсэн бөгөөд хэрэв Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлөөс сургалт эрхлэх зөвшөөрөл олговол орон нутагт сувилахуйн төгсөлтийн дараах  сургалт эрхлэх анхны эрүүл мэндийн байгууллага болох юм.