Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЛХИЙН ӨДӨР”-ИЙГ УГТАН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021/09/16

2019 оноос эхлэн жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг  “Үйлчлүүлэгчийн Аюулгүй Байдлын Дэлхийн Өдөр” 9 дүгээр сарын 17–ны өдөр тохиодог ба Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмжийн дагуу 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг “Эсэн мэнд, хүндэтгэлтэй амаржихуйн төлөө шаргуу ажиллацгаая!” уриан дор тэмдэглэх гэж байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг угтан тус төвийн Магадлан итгэмжлэлийн албанаас 2021 оны 09 сарын 16-ны өдөр нийслэл болон орон нутгийн эмнэлгийн мэргэжилтнүүдэд эх, нярайн тусламж, үйлчилгээний  чанар, аюулгүй  байдлыг хангах чиглэлээр эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх 2 удаагийн цахим сургалтыг зохион байгууллаа. Нийслэл, орон нутгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нар, ялангуяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилчид нийт 340 гаруй хүн сургалтанд идэвхтэй хамрагдлаа. Цахим сургалтаар АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн тэнхимийн эрхлэгч Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Мөнхцэцэг “Жирэмсний хяналтын чанар, аюулгүй байдал” сэдвээр лекц уншиж, ДЭМБ-аас 2016 онд боловсруулсан “Эерэг дурдатгалтай жирэмсний хяналтын зөвлөмж”-ийн талаар танилцуулсан ба жирэмсний эрсдэл, аюултай шинжийг цаг алдалгүй илрүүлэх, авах арга хэмжээний талаар  дэлгэрэнгүй ярилцсан болно. Мөн Нийслэлийн Амгалан амаржих газрын Нярайн тасгийн эрхлэгч, АУ доктор, кл. профессор, хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч  Л.Тунгалаг ”Нярайн тусламжийн онцлог, тулгамдсан асуудал” сэдвээр хичээл зааж  нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ, сэхээн амьдруулах тусламж, үйлчилгээ, нярайн шарлалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн нь эмнэлгийн мэргэжилтнүүдэд чухал ач холбогдолтой байсан талаар сургалтанд оролцогсод сэтгэгдлээ илэрхийллээ.
Сургалтын бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.