Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЛБА БАЙГУУЛЛАА

2024/03/18

Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх, санал боловсруулан судлах ажлын хэсгийнхэнтэй ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат 3 дугаар сарын 13-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд уулзлаа.

 Ерөнхий сайдын 2023 оны арванхоёрдугаар сарын 21-ний 206 дугаар захирамжаар байгуулсан эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох асуудлыг судалж, санал боловсруулан танилцуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЭМЯ, ЦХХХЯ, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төв УҮГ-ын төлөөлөл багтсан.

Уулзалтаар ажлын хэсгийн гишүүн ЦХХХ-ны сайдын зөвлөх С.Тэнгис “Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилтийн нөхцөл байдлын судлагаа” сэдвээр, Гааль татвар санхүүгийн мэдээллийн төв УҮГ-ын захирал Т.Батбилэг “Эрүүл мэндийн салбарын мэдээллийн системийг хөгжүүлэх, үндсэн болон дэмжих системтэй холбож, мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх” талаар, ЭМЯ-ны Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Оюунсүрэн  “Эрүүл мэндийн салбарын цахим шилжилттэй холбоотой дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актын өөрчлөлтийн төслийг боловсруулах” талаар мэдээлэл өгөв.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа “Монгол хүний удамшлын шинж чанар, генетик, хүний эд эс, биологийн шингэний эмзэг мэдээллүүд болон эрүүл мэндийн тодорхойлолт болох өвчний түүх, эмчилгээ, амьдарлын хэв маяг, бие бялдрын  үзүүлэлт нь эрүүл мэндийн салбарт хадгалагдаж байна.
Шинжлэх ухаан, технологийн ололт амжилтын үндсэн дээр өнөөгийн дэлхийн анагаах ухааны салбарт эсийн түвшний оношилгоо, эмчилгээ, цаашилбал генийн засварлах түүнийг нөхөх эмчилгээ (gene therapy) эмнэлзүйн салбарт нэвтэрч эхэлсэн” гээд салбарын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, мэдээлэл солилцох үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах байгууллагыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн бүтэц зохион байгуулалтад тусган Мэдээлэл, технологийн албыг байгуулж буйг танилцуулсан.  

Мэдээлэл, технологийн алба байгуулагдсанаар эрүүл мэндтэй холбоотой мэдээ мэдээллийн чанар сайжирч, иргэн өөрт шаардлагатай эрүүл мэндийн мэдээллийг ашиглах боломж бүрдэх, нөгөө талаас эрүүл мэндийн байгуулагуудад хадгалагдаж байгаа мэдээллийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэдээллийн удирдлагын зөв тогтолцоо бүрдэж, мэдээллийн систем, техник технологийн дэвшилтэт аргыг нэвтрүүлж, иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад тулгардаг чирэгдлийг бууруулж, чанар хүртээмж сайжирна гэдгийг албаныхан онцолж байлаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдаж, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр нийлүүлж буй 690 сая төгрөгийн үнэ бүхий сүүлийн үеийн сүлжээний тоног төхөөрөмжийг Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат шинээр байгуулсан Мэдээлэл, технологийн албанд хүлээлгэн өглөө.