Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

Дэлхийн магадлан итгэмжлэлийн өдөр тохиож байна.

2023/06/09

Эрүүл мэндийн байгууллагад 2002 оноос эхлэн магадлан итгэмжлэл олгож эхэлсэн ба Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг, Төв аймгийн Батсүмбэр сумын эмнэлгийг анх удаа  5 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжилж, магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудад батламж олгож, алдаршуулах ажлыг зохион байгуулж эхэлсэн.

        Эрүүл мэндийн тухай Монгол улсын хууль, Эмнэлгийн тусламжийн тухай Монгол улсын хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай Монгол улсын хууль болон бусад эрх зүйн баримт бичгийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдалд хөндлөнгийн үнэлгээ хийж улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 791 эрүүл мэндийн байгууллагыг 1-5 жилийн хугацаагаар магадлан итгэмжлээд байна.

2003 онд хувийн хэвшлийн 118 эрүүл мэндийн байгууллагад, 2005 онд 14 эмийн санд анх удаа магадлан итгэмжлэл олгосон нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үйлчлүүлэгчдэд тусламж үйлчилгээг чанартай хүргэх, эмийн сангууд чанартай эмээр үйлчилж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ болсон байна.

2006-2020 онд АНУ, Канад, Австрали, Малайз улсын “Эмнэлгийг магадлан итгэмжлэх стандарт”-ууд болон JCI олон улсын магадлан итгэмжлэлийн жишгээр шалгуур үзүүлэлтийг удаа дараа шинэчлэн боловсруулсан нь шалгуур үзүүлэлтийг олон улсын жишигт нийцүүлэх алхам болсон.

2009 оноос эхлэн эрүүл мэндийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаа, үзүүлж буй тусламж,  үйлчилгээний чанар, технологит магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийж, дүгнэлт өгөн тайлан бичдэг болсон. Энэ нь эрүүл мэндийн байгууллага өөрийн байгууллагын үйл ажиллагаа, тусламж үйлчилгээнд доголдож буй асуудлыг тодорхойлж, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, улмаар магадлан итгэмжлэлд бэлтгэхэд чухал ач холбогдолтой болсон юм. 

Харин 2022 оноос эхлэн Магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа бүрэн цахимжаад байна.

Тус төвийн “Магадлан итгэмжлэлийн алба” нь эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн Ажлын албаны үүрэг гүйцэтгэн эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх өдөр тутмын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, тусламж үйлчилгээний чанар, эрсдэл, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулж хяналт тавих, эрүүл мэндийн байгууллагад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.