Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

4 удаагийн сургалтаар 200 орчим эмчийг сургалаа.

2023/05/24

Манай улсын нийт хүн амын 15 хувийг эзэлж буй өсвөр үеийнхэнд тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл мэндийн ээлтэй тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг баримжаа бүхий эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний эмчийг чадавхжуулахаар НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс "Ерөнхий боловсролын сургуулийн эмч нарыг чадавхжуулах сургалт"-ыг 4 удаа зохион байгууллаа.

5 өдөр үргэлжлэх  энэхүү баримжаа олгох сургалтын хөтөлбөрт ДЭМБ-аас 2015 онд гаргасан “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн өсвөр үеийн эрүүл мэнд, хөгжлийн асуудлаарх цогц чадамж” -ийг ашиглан 3 бүлэг, 17 цогц чадамжийг хамруулан нийслэлийн 9 дүүргийн 200 эмчийг хамруулж байна.


Эдгээр сургалтуудын нээлтэд ЭМЯ, ЭМХТ, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөлүүд оролцон сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэхийн зэрэгцээ сургалтын ач холбогдол болон цаашид энд сурсан мэдсэнээ ажилдаа нэвтрүүлэн хэрэгжүүлэхийн чухалыг онцлон тэмдэглэсэн юм.

Өсвөр нас хүний ​​хөгжлийн өвөрмөц үе шат бөгөөд эрүүл мэндийн үндэс суурийг тавих амьдралын чухал мөчлөг юм. Өсвөр насанд бие бялдар, танин мэдэхүйн болон сэтгэцийн өсөлт, хөгжил хурдацтай явагдаж, тэдний мэдрэх, сэтгэн бодох, шийдвэр гаргах, хүрээлэн байгаа орчинтой харилцахад нь нөлөөлдөг.                           

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сан (НҮБ-ын ХС)-аас өсвөр насныхан эрүүл саруул өсч хөгжихөд насанд нь тохирсон бэлгийн цогц боловсрол, амьдралын ур чадварыг хөгжүүлэх боломж, хүлээн зөвшөөрөгдсөн, тэгш хүртээмжтэй, зохистой, үр дүнтэй эрүүл мэндийн үйлчилгээ,  аюулгүй бөгөөд дэмжлэг үзүүлэх орчин шаардлагатай болохыг зөвлөмж болгож байна. Мөн эрүүл байх, эрүүл мэндээ сайжруулахдаа ухамсартайгаар оролцох боломжийг өргөжүүлэх нь өсвөр насныхны өвөрмөц хэрэгцээ, эрх ашгийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг.              

“Өсвөр үед ээлтэй” тусламж үйлчилгээ үзүүлэх мэргэжилтнийг чадавхжуулах сургалт саяхныг хүртэл нарийн мэргэжлийн өсвөр үеийн эмчид голчлон чиглэж, ЕБС-ийн эмч нарыг төдийлөн хамруулдаггүй байсан бол энэ удаад нийслэлийн бүх сургуулиудын эмч нарыг хамруулан өсвөр үеийн сэтгэц, бие бялдар, эрүүл мэндийн бүхий л асуудлуудаар  АШУҮИС-ийн багш нар хичээл заалаа.

Эдгээр сургалтуудад нийслэлийн 9 дүүргийн улсын болон хувийн хэвшлийн ихэнх сургуулийн эмч нар хамрагдсан бөгөөд хөдөөгийн сургуулиудын эмч нарт зориулсан цахим хичээлүүдийг бэлтгэн төвийн багц цагийн платформд байршуулах ажил мөн хийгдэж байна.