Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.01 сар
3,042
Халдварт бус өвчин 2024.01 сар
343,149

Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт эрхлэх байгууллагуудыг орон нутагт нэмэгдүүлнэ.

2023/05/23

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2023 оны А/33 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт эрхлэх зөвшөөрөл шинээр хүссэн эрүүл мэндийн байгууллагуудад үнэлгээ хийх ажил үргэлжилж байна.

Энэ хүрээнд “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх зөвшөөрөл шинээр хүссэн Булган, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2023 оны 5 дугаар сарын 16-19-ний өдөр үнэлгээ хийлээ.

Үнэлгээний багт Эрүүл мэндийн хөгжлийн төв болон ерөнхий мэргэшил судлалын үндсэн мэргэшлийн сургалт эрхэлж буй байгууллагын төлөөлөл оролцож, Япон улсын Жайка олон улсын байгууллагын дэмжлэгтэй хэрэгжиж буй “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн ахлах зөвлөх Иноүэ Нобуаки хамтран ажиллалаа.

Үнэлгээг Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-д заасан эмнэл зүйн мэргэшүүлэх сургалтын 17 шалгуурын дагуу хийж, арга зүйн зөвлөгөө өглөө.

Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг нь Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Япон улсын Жайка олон улсын байгууллагын дэмжлэгтэй хэрэгжиж буй “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн зорилтот аймаг юм.

Энэ хүрээнд “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалт удирдах дотор, хүүхэд, эх барих эмэгтэйчүүд, яаралтай тусламжийн чиглэлээр эмнэл зүйн сургагч багш нарыг бэлтгэх, сургалтын орчинг бүрдүүлэхэд сургалтын хэрэглэгдэхүүн, гарын авлага, материалаар хангах зэрэг ажлыг үе шаттай бэлтгэн арга зүйгээр хангаж ажилласан.

Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллах үеэр үнэлгээний багийнхан Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Эрүүл мэндийн газрын дарга П.Оюунцэцэг нартай уулзалт зохион байгуулсан.

Уулзалтын үеэр аймгийн удирдлагууд орон нутагтаа хэрэгжүүлж буй “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн хүрээнд хүний нөөцөөр бүрэн хангахын тулд анагаах ухааны их, дээд сургуулийн оюутан, залуустай уулзалт зохион байгуулж, аймаг, суманд ажиллахыг уриалан, амьдрах байраар хангах зэргээр нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэн, эмч эмнэлгийн мэргэжилтнийг чадавхижуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, зарим мэс заслыг нутагшуулах, орон нутагтаа мэргэшүүлэх сургалт явуулдаг болоход бүхий л талаар дэмжин ажиллаж байгаагаа илэрхийлсэн.

Тухайлбал резидент эмчийн амьдрах байр, орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор халдвартын эмнэлгийн 2 давхар хуучин байрны нэг талын жигүүрийг орон нутгийн хөрөнгөөр иж бүрэн засвар хийж, тохижуулахаар шийдвэрлэсэн байна.