Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.4 сар
14,413
Халдварт бус өвчин 2026.4 сар
1,274,797

“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2026/06/05

Чуулганы хоёр дахь өдөр ерөнхий зохион байгуулагч Хавдар Судлалын Үндэсний Төв болон Эрүүл Мэндийн Хөгжлийн төв хамтран амьгүй донорын илрүүлгийг нэмэгдүүлэх, тархины үхэлтэй донорын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон улсын сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

“ICOT V – 2026” олон улсын чуулган нь УИХ-ын гишүүн, Анагаах ухааны доктор, Францын Мэс Заслын Академийн хүндэт гишүүн Ж.Чинбүрэнгийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэрбээр гадаадын хүндтэй эрдэмтэн профессорууд, дотоодын эмч мэргэжилтнүүдэд талархал илэрхийлээд “Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ нь зөвхөн анагаахын дэвшил төдийгүй шинжлэх ухаан, ёс зүй, нийгмийн итгэлцэл, донорын хүмүүнлэг сэтгэл, эмч нарын хамтын ажиллагааны нэгдэл байдаг” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Өнөөдрийн сургалтад амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоогоор дэлхийд тэргүүлэгч Испани улсын профессор Марти Маньялич, Европын Донор ба Эрхтэн Шилжүүлэн Суулгах Зохицуулалтын Байгууллагын дарга Эюп Кахвечи, Азийн Эрхтэн Шилжүүлэн Суулгах Нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Гюри Ан нар илтгэл тавьж, олон улсын шилдэг туршлагаасаа хуваалцаж байна.

Мөн Монголын эрхтэн шилжүүлэн суулгах салбарын нэр хүндтэй эмч, эрдэмтэн, профессорын төлөөллүүд оролцож, өөрсдийн туршлага, ололт амжилтаа танилцуулж байна.

Монгол Улс өнөөдрийн байдлаар 461 бөөр, 700 гаруй элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо амжилттай хийгээд байгаа бөгөөд амьгүй донорын тогтолцоог бэхжүүлэх, олон улсын шилдэг туршлагыг нутагшуулах нь энэ удаагийн чуулганы гол зорилтуудын нэг юм.

Сургалтад Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн нар танхимаар болон цахимаар оролцож, амьгүй донорын илрүүлэг, зохицуулалт, олон улсын сайн туршлагын талаар мэдлэг, ур чадвараа дээшлүүлж байна.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар