Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ҮНДСЭН МЭРГЭШЛЭЭР ЭЛСЭН СУРАЛЦАГЧДЫН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2019/11/03

Үндсэн мэргэшлийн сургалтад 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцагчдын хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ Монголын хүүхдийн ордонд боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Д.Баярмаа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирал Б.Нарантуяа, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал Уранчимэг болон нийт сургалт эрхлэгч байгууллагын Сургалтын албаны төлөөлөлүүд болон 1-р дамжааны 560 гаруй резидент эмч нар оролцлоо.

Резидентэд элсэн суралцаж байгаа эмч нарт Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сургалт эрдэм, шинжилгээ эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор О.Батгэрэл, Хавдар судлалын үндэсний төвийн нэгдсэн лабораторийн эмч АУ-ны доктор Т.Лхагва-Очир нар уригдан “Резидент эмчийн үүрэг, хариуцлага”, “Өвчтөн-эмчийн харилцаа” сэдвээр илтгэл тавьлаа.

Энэ жилийн хувьд Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн үйл ажиллагаа нээлттэй ил тод болж өнгөрлөө. Элсэлтийн шалгалтын үйл ажиллагаанд ЭМЯ, Мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэг холбоод, сургалт эрхлэх байгууллагын төлөөлөл хамтран ажилласан.

2019-2020 оны хичээлийн жилд Эрүүл мэндийн хөгжлийн төв 19 сургалт эрхлэх байгууллагад нийт 567 резидент эмчийг суралцуулахаар хуваарилаад байгаа урьд онуудтай харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Бид цаашдаа сургалт эрхлэх байгууллагын тоог нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. Ялангуяа нийслэл, орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийг дэмжин ажиллана.