Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“ Үйлчлүүлэгчийн Аюулгүй Байдлын Дэлхийн Өдөр 2021” 9 сарын 17-нд болно.

2021/06/24

Дэлхий даяар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах болон таагүй тохиолдлыг бууруулах үйл ажиллагааг сурталчлах, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оноос хойш үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрийг тэмдэглэж байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас 2021 оны 9 дүгээр сарын 17-нд Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдрийн арга хэмжээг “Эх, нярайн тусламж, үйлчилгээний аюулгүй байдал” сэдвийн дор тэмдэглэхээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд оролцогч талуудыг “Эсэн мэнд амаржих тусламж, үйлчилгээний төлөө ажиллая” хэмээн уриалж байна. Дэлхий даяар өдөр бүр ойролцоогоор 810 эх жирэмсний явцад болон төрөлттэй холбоотой урьдчилан сэргийлж болохуйц шалтгааны улмаас нас бардаг. Өдөр бүр 6700 нярай эндэж энэ нь 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 47%-ийг эзэлж байна. Үүнээс гадна, жил бүр 2 сая амьгүй хүүхэд төрдгөөс 40 гаруй хувь нь төрөлтийн явцад тохиолддог. Энэ жил Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдрийн арга хэмжээ урьд урьдаас чухал байна учир нь КОВИД-19 цар тахлын улмаас зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ доголдож байна, эх, нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээний аюулгүй байдал алдагдсанаас үүдэлтэй таагүй тохиолдлын тоо болон эрсдэл нэмэгдэж байна.

Аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо бүрдсэн орчинд аюулгүй, чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг мэргэшсэн мэргэжилтнүүд үзүүлснээр амьгүй төрөлт болон эх, нярайн эндэгдлээс зайлсхийх боломжтой. Үүнд зөвхөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд оролцогч талуудын оролцоо, эрүүл мэндийн цогц тогтолцоо, олон нийтэд суурилсан хандлагаар хүрч чадна.

Үйлчлүүлэгчийн Аюулгүй Байдлын Дэлхийн Өдөр 2021-ийн зорилтууд:

1. Дэлхий нийтэд эх, нярайн, ялангуяа төрөх үеийн тусламж үйлчилгээний аюулгүй байдлын асуудлыг дэвшүүлэх.

2.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд оролцогч талууд эх, нярайн аюулгүй байдлыг сайжруулах шинэлэг, үр дүнтэй бодлого боловсруулах, хэрэгжүүлэх.

3.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд оролцогч талуудад эх, нярайн, ялангуяа төрөх үеийн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг сайжруулах хүчин чармайлтаа нэмэгдүүлж тогтвортой үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг уриалах.

4.Төрөлтийн явцад эх, нярайд тулгардаг зайлсхийж болох эрсдэл мөн таагүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх шилдэг туршлагыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх, сурталчлах.

Үйлчлүүлэгчийн Аюулгүй Байдлын Дэлхийн Өдөр 2021-ийг тэмдэглэх

КОВИД-19 цар тахал үргэлжилж байгаа өнөөгийн байдлыг харгалзан 2021 оны есдүгээр сарын арга хэмжээг тэмдэглэхдээ ДЭМБ  цахим болон бусад хэлбэрийн үйл ажиллагааг хослуулж зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ өдрийг тодотгон бэлэг тэмдэг болсон хөшөө дурсгал, түүхийн дурсгалт газрууд, олон нийтийн газрыг улбар шар өнгийн гэрлээр гэрэлтүүлдэг.

2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд оролцогч талууд болох-засгийн газар, төрийн бус байгууллагууд, мэргэжлийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллага, үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалах байгууллагууд, их, дээд сургуулиуд болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудыг арга хэмжээнд оролцож энэ өдрийг тодотгон бэлэг тэмдэг болсон хөшөө дурсгалыг улбар шар өнгийн гэрлээр гэрэлтүүлэхийг ДЭМБ уриалж байна.