Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Эмч, мэргэжилтнүүд UpToDate цахим платформыг оношилгоо, эмчилгээндээ өргөнөөр ашиглаж байна

2021/04/21

Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх шинэчлэлийн хүрээнд бид нотолгоонд суурилсан орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг практикт нэвтрүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа билээ. “UpToDate” цахим платформ нь судалгаа, шинжилгээнд суурилсан эмнэлзүйн оношилгоо, эмчилгээний талаар бүх төрлийн мэдээллийг богино хугацаанд нэг эх сурвалжаас авах боломж олгохоос гадна эмийн харилцан үйлчлэлийн талаар мэдээлэл авах, эмчилгээ, үйлчилгээний эрсдэл тооцоолох боломж олгодог давуу талтай билээ. Эрүүл мэндийн хөгжлийн төв нь ЭМЯ болон “UpTo Date” цахим платформын эзэмшигч Wolters Kluwer компанитай хамтран 2020 оны 12 сард “UpToDate” цахим платформын үндэсний хэмжээний 60 сургагч багшийг бэлтгэсэн. 2021 оны 1 сараас эхлэн бид бэлтгэгдсэн сургагч багш нарын тусламжтайгаар “UpToDate” цахим платформ ашиглах баримжаа олгох багц цагийн цахим сургалтыг үе шаттайгаар зохион байгуулан нийт 19 удаагийн сургалтаар нийслэл болон орон нутгийн бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагын 9000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулсан байна. Мөн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудсанд энэхүү сургалтын видео контентыг байршуулан UpToDate цахим платформд бүртгүүлж хувийн хаяг үүсгэх, эмнэл зүйн шийдвэр гаргалтанд цахим платформыг хэрхэн ашиглах талаарх мэдээллээр эмнэлгийн мэргэжилтнүүдийг хангаж байна. 2021 оны 3 сарын байдлаар Монгол улсын 8000 гаруй хэрэглэгчтэй болж 43 479 удаа UpToDate цахим платформд хандалт хийсэн байна.


Хандалт хийсэн эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжлээр нь авч үзвэл хүүхэд, эх барих эмэгтэйчүүд, хоол боловсруулах эрхтний эмгэг судлал, халдварт өвчин судлал, мэдрэлийн эмгэг судлалын эмч нар хамгийн олон хандалт хийсэн байна.


Хандалт хийсэн 546 эмчийн дунд явуулсан судалгаагаар эмч нарын дийлэнх нь эмнэлзүйн шинж тэмдэг, эмчилгээ, оношилгооны зорилгоор UpToDate цахим платформд хандсан байна.

Түүнчлэн сүүлийн 2 сарын хугацаанд Ковид-19 вакцины талаарх мэдээллийг манай эмнэлгийн мэргэжилтнүүд хамгийн ихээр сонирхсон байна.