Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2023.08 сар
30,547
Халдварт бус өвчин 2023.08 сар
2,529,995

“Үерийн аюул, гамшгийн үеийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах” сэдэвт цахим сургалт хийлээ

2023/07/17

Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний  борооны улмаас үер, усны аюулын нөхцөл байдал нь болзошгүй осол гэмтэл, хүнсний аюулгүй байдал, халдварт өвчин, ус, хөрсний хэвийн үзүүлэлт өөрчлөгдөх зэрэг дараа, дараагийн эрсдэлийг үүсгэдэг тул нөхцөл байдлаас хамаарч гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарч ажиллаж байна.

Үүний хүрээнд үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдаж байгаа резидент эмч нарт гамшгийн үеийн хууль эрх зүйн орчин, үерийн дараах ариутгал, халдваргүйжүүлэлт, үерийн улмаас үүсэж болзошгүй гэдэсний халдварт өвчний эмнэлзүй, ялган оношилгоо, эмчилгээний талаар мэдээлэл өгч тэднийг чадавхижуулах зорилгоор төвийн захирлын баталсан удирдамжийн дагуу “Үерийн аюул, гамшгийн үеийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах” сэдэвт цахим сургалтыг 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтад үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, СЭМҮТ, АӨСҮТ, ГССҮТ, ЭНЭҮТ-2, ЗӨСҮТ, ХӨСҮТ, ЭСҮТ, УАУТХ, ЦТЭ, Амгалан, Өргөө, Хүрээ АГ ТМЭ, Дорнод БОЭТ, ЭМЖЖ эмнэлгийн 170 гаруй резидент эмч нар хамрагдсан.

Сургалтын хөтөлбөрийн дагуу “Гамшгийн үеийн хууль эрх зүйн орчин” сэдвээр ЭМХТ-ийн ДЗА-ны дарга Д.Бямбасүрэн, “Халдварын сэргийлэлт, хяналт, Хамгаалах хувцас хэрэгслийн зөв хэрэглээ, Орчны халдваргүйжүүлэлт”  сэдвээр ХӨСҮТ-ийн Халдвар судлаач эмч АУ-ны магистр, ахлах зэргийн эмч Б.Соёлмаа, “Гэдэсний халдварт өвчний үеийн эмнэлзүй, ялган оношилгоо, эмчилгээ” сэдвээр Халдвартын эмч АУ-ны доктор, Тэргүүлэх зэргийн эмч Н.Даваахүү нар удирдаж явууллаа.