Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

"Эрүүл мэндийн үзүүлэлт 2022" номын танилцуулга боллоо

2023/05/30

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс жил бүрийн Эрүүл мэндийн салбарын статистик мэдээллийг нэгтгэн “Эрүүл мэндийн үзүүлэлт”-ийг эмхэтгэн гаргаж Монгол, Англи хэлээр хэвлэмэл болон цахим хэлбэрээр түгээж хэрэглэгчдийг мэдээллээр ханган ажилладаг билээ.

Эрүүл мэндийн салбарын албан ёсны статистик мэдээ тайланд тулгуурлан 2022 оны эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүдийг олон улсын аргачлалын дагуу тооцон, дүгнэлт хийж эмхэтгэн хэрэглэгчдэд хүргэж байна.

Энэхүү эмхэтгэл нь жил бүр салбарын үндсэн үзүүлэлтүүдийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлалаар, хүн амын өвчлөл болон нас баралтын тэргүүлэх шалтгаануудыг бүс нутгаар тооцон харуулдаг ба “Эрүүл мэндийн үзүүлэлт 2022” эмхэтгэлийг  нийт 76 хүснэгт, 187 зураг, 50 газарзүйн байршлын дүрслэлээр илэрхийлэн олон нийтийн хүртээл болгож байна.

2022 оны “Эрүүл мэндийн үзүүлэлт” нь нийт 14 бүлгээс бүрдэж байгаа ба эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулан гаргасан.

“Эрүүл мэндийн үзүүлэлт 2022” эмхэтгэлийг танилцуулах уулзалтыг  2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж  уг арга хэмжээнд  Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг болон газар хэлтийн дарга нар, холбогдох мэргэжилтнүүд, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Соккоро Эскалантэ, НҮБ-ын ХАС-гийн төлөөлөл, ЭМХТ-ийн захирал, АУ-ны доктор  Б.Нарантуяа, ҮСХ-ны дэд дарга Д.Лхамсүрэн болон төв эмнэлэг болон тусгай мэргэжлийн төвүүдийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд танхимаар, 21 аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн дарга нар, холбогдох мэргэжилтнүүд цахимаар нийт 300 гаруй хүн оролцлоо.


Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Соккоро Эскалантэ,  ҮСХ-ны дэд дарга Д.Лхамсүрэн нар үг хэлж уг эмхэтгэлийн ач холбогдлоос дурьдан эрүүл мэндийн салбарын статистик мэдээллийг нэгтгэх, тайлагнах  дээр хамтран ажиллахаа илэрхийлээ.


Түүнчлэн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал, АУ-ны доктор Б.Нарантуяа "Эрүүл мэндийн үзүүлэлт 2022" танилцуулга, ЭММА-ны дарга Б.Доржмягмар "Хүн амын нас баралтад хийсэн дүн шинжилгээ, мэдээллийн урсгал" сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Тус төвөөс нэгтгэн гаргадаг мэдээллийг үндэслэн салбарын бодлогын судалгаа, шинжилгээ, нийгэм, эдийн засгийн тооцоолол, төсөв хийгддэг ба урт болон богино хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, дотоодын хяналт-шинжилгээ, үнэлгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төлөвлөх, сайжруулах, бодлого боловсруулах зэрэгт өргөнөөр ашигладаг.

Бидний зүгээс мэдээлэл хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн статистик мэдээллийг нэгжийн түвшинд гаргах, түгээх, өргөжүүлэхийг эрмэлзэж буй бөгөөд энэхүү эмхэтгэлд тусгагдсан мэдээллүүдийг цаашид дэлгэрүүлэн, задаргаа байдлаар цахимаар авах www.1313.mn цахим хуудсыг ажиллуулж байна.